• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Та санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүн мөн үү?

Та санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүн мөн үү?

Хүн бүрийн хувьд санхүүгийн эрх чөлөө гэдэг харьцангуй ойлголт шиг байдаг бөгөөд нэг хүний хувьд хүссэн үедээ, хүссэн хувцсаа аваад өмсөх мөнгөтэй байхыг санхүүгийн эрх чөлөө гэж ойлгох бол өөр нэгний хувьд хүссэн үедээ ямар ч санхүүгийн бэрхшээлгүйгээр холын аялалд яваад ирэх боломжтой байхыг санхүүгийн эрх чөлөөнд хүрчээ гэж ойлгодог. Тэгвэл үүнийг харьцуулж үзэх шаардлага огт үгүй юм.

Учир нь санхүүгийн эрх чөлөө нийт 8 төвшинтэй байх ба бид танд тэдгээр 8 төвшинг танилцуулах гэж байна. Энэхүү нийтлэлээс та өөрийн одоогийн байгаа санхүүгийн эрх чөлөөний төвшинг таньж, хэтийн ирээдүйд ямар төвшний эрх чөлөөнд хүрэхээ тодорхойлоорой.

Төвшин 1: Цалингаас цалингийн хооронд амьдрахгүй байх

Санхүүгийн эрх чөлөөний хамгийн эхний төвшин бол яаралтай үед хэрэглэх хуримтлал үүсгэхээс эхэлнэ. Хэрэв та цалингаа тухайн сардаа чүү ай хүргэж, дараагийнхаа цалинтай золгодог бол таныг санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүн гэж хэлэхгүй ажээ.

Төвшин 2: Түр хугацаагаар ажилгүй байх болбол санхүүгийн бэрхшээлгүй тухайн хугацааг давдаг байх

Санхүүгийн эрх чөлөө гэдэг байнгын нэг ажлаас хамаарахгүйгээр амьдрахыг хэлнэ. Ажлаасаа нэг мөр гарахаа хүлээн хуримтлал үүсгэнэ гэдэг маш болчимгүй хэрэг. Харин түүний оронд хэсэг хугацаанд ажил хийхгүй байхад таны амьдрал уналтад орохооргүй хэмжээний хуримтлалтай байх нь маш том ахиц юм.

Гэлээ гээд ажлаасаа гарах шаардлагагүй ч үнэхээр нэг өдөр энэ ажил нэг биш юм гэж бодогдоод гарахад та санхүүгийн бэрхшээлгүйгээр тухайн хугацааг даван туулж чадаж байвал өөрийгөө санхүүгийн эрх чөлөөнд хүрчээ гэж ойлгоорой.

Төвшин 3: Санхүүгийн зарцуулалтын хувьд аз жаргалтайгаар зарцуулж, хажуугаар нь өөрт зовлонгүй хуримтлал үүсгэх

Та хэдий хуримтлалтай ч сарын орлогоо хуримтлалдаа явуулаад үлдсэн нь таны амьдралд яг таг хүрээд дуусдаг бол та энэ төвшний санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй байна гэсэн үг юм.

Энэ төвшинд сарын тогтмол зарлага, хуримтлалаас гадна хэрэв хүн өөрөө хүсвэл хангалттай хэмжээгээр, санхүүдээ баригдалгүй зарлага гаргаж чадахыг хэлнэ.

Төвшин 4: Цагийн эрх чөлөө

Ихэнх хүн 08:00-17:00 ажиллахыг хүсдэггүй. Хүссэн үедээ өөрт хэрэгтэй цагийг гаргаж чаддаг байх гэдэг нь санхүүгийн эрх чөлөөтэй ч холбогдоно.

Санхүүгийн эрх чөлөө, цагийн эрх чөлөөтэй байснаар та өөрийн гэр бүл, найз нөхөд, хувийн амьдралдаа хангалттай цаг зарцуулж, хажуугаар нь орлогодоо санаа зовохгүй байж чадах юм.

Шүд тань өвдөөд эмнэлэг явах болоход ажлаасаа чөлөө авч, нэг өдрийн цалин хасуулалгүй сэтгэл амар явчхаад ирэх хэмжээний цаг болоод санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэг том амжилт билээ.

Төвшин 5: Тэтгэвэрт гарахад хангалттай хуримтлалтай байх

Ажлаа үзэн яддаг хүмүүс бишгүй л байдаг. Тэдний зарим нь ажлаасаа гараад хуримтлалаасаа татвараа төлж байгаад тэтгэврийн нас хүртлээ явчихъя гэж ярих нь ч бий. Гэлээ гээд энэ бол төлөвлөгөөний асуудал юм.

Татвар хамгийн багаар хэдэн жил төлөх вэ гэдгээс авахуулаад таны хуримтлал татвараас өөр зүйлд ашиглахад хүрэх үү үгүй юу гээд л..

Мэдээж дан ганц тэтгэврээрээ амьдарна гэдэг ч хүндхэн зүйл. Тэгэхээр таны хуримтлал тэтгэврийн нас хүртлээ нийгмийн даатгалын татвараа хувиараа төлөхөд хангалттай хүрэлцээд цаана нь илүү гарахуйц хэмжээний байж байж та сая нэг санхүүгийн эрх чөлөөний 5 дугаар төвшинд хүрчээ гэж бодох нь.

Төвшин 6: Тэтгэврийн насаа санхүүгийн бэрхшээлгүй өнгөрүүлэх

Одоо та хэдий хангалуун амьарч байж болох ч хэтийн ирээдүйд тэтгэвэрт гарахад хэдий хэмжээний тэтгэвэр авахаа тооцож, түүнийхээ хажуугаар тэтгэвэрээсээ давсан зарлага гаргаж чадахуйц байна уу үгүй юу гэдэгтээ анхаарал хандуулдаг байх хэрэгтэй.

Төвшин 7: Тэтгэвэрийн насаа хүн бүрийн мөрөөддөгөөр өнгөрүүлэх

Тэтгэвэрт гараад л дэлхийгээр аялна, гадаад явж галуу шувууны мах иднэ гэж зорьдог хүмүүс бишгүй. Гэхдээ тухайн амьдралыг цогцлооход мэдээж дахиад л мөнгө хэрэг болно. Дан ганц тэтгэврээрээ аялаад байна гэдэг юу л бол. Тэгэхээр таны одоо байгаа хуримтлал таныг тэтгэвэрт гараад хүссэнээрээ амьдрахад хангалттай байвал та өөрийгөө санхүүгийн эрх чөлөөний 7 дугаар төвшинд хүрсэн гэж үзэх нь ээ.

Төвшин 8: Өөрийн энэ насандаа үрээд баршгүй их хөрөнгөтэй болох

Энэ бол мэдээж санхүүгийн эрх чөлөөний хамгийн эцсийн шат, өндөрлөг. Хэрэв та энэ хэмжээний хөрөнгө босгож чадвал өөрийгөө санхүүгийн эрх чөлөөнд яриангүй хүрчээ гэж ойлгоорой.

Ийнхүү бидний танилцуулах санхүүгийн эрх чөлөөний 8 төвшин энэ байлаа. Үүнээс та санхүүгийн хувьд аль төвшинд нь яваагаа харж, цаашлаад ажил болоод хуримтлалаа илүү урам зоригтой, бодит зорилготойгоор төлөвлөхөд тус болно гэж найдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.