• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Хүргэн маань надад гар хүрдэг. Охин маань ч надад гар хүрдэг болохоор гэрт нь очих дургүй

Хүргэн маань надад гар хүрдэг. Охин маань ч надад гар хүрдэг болохоор гэрт нь очих дургүй

Ажилдаа явах болгондоо Дөчин мянгат буюу Мөнгөн завьяагийн автобусны буудлын хажууханд өлгийтэй дүүгээ тэвэрсэн, хөгжлийн бэрхшээлтэй гуйлга гуйж суугаа нэгэн хүүтэй тааралддагсан. Түүнтэй уулзаж ярилцахаар хэрэг болгож өчигдөр очтол байсангүй. Харин суудаг сандал /сандал ч гэж цаасан хайрцаг давхарлуулж тавьсан байсан юм/ дээр “Хараагүй надад туслаач” гэсэн бичиг барьсан настай эмгэн сууж харагдана. Харанхуй ертөнцөд голоо зогоох гэж зүдэрч буй 60 гаруй насны түүний өмнөө тавьсан уутанд 50-100 нийлсэн мянга хүрэхгүй төгрөг харагдана.

Өвлийн жавар хэдийнэ айлчилж, гудамжинд хэдэн минут зогсоход ч хэцүүхэн байхад хөлийн тогших чимээ болгоныг царайчлан, гараа үрэн байж суугаа түүнийг харсан хэн боловч сэтгэл евдөхгүй байхын аргагүй. Аяга халуун цай ч болтугай авч ууг гэж бодоод уутанд нь 1000 төгрөг хийлээ. Өдий хэрийн насны хүн үр хүүхэд, ач зээгээ тойруулаад жаргаж суудагсан гэсэн бодолтой зэрэгцээд хэн түүнийг энд авчирч суулгасан бол гэдэг битүү санаа төрснийг нуух юун.

Хир даг болсон цагаан малгай дарж өмсөөд том улаан ороолтоор нүүрээ битүү боожээ. Мөн хирэндээ баригдсан хэдэн зузаан цамц хайш яайш давхарлан өмсч, гадуур нь нимгэн хар гялгар хүрэм углажээ. Олон зузаан зүйл давхарлан өмссөнийг харвал нэлээн бэлтгэлтэй ирдэг бололтой. Гол зогоох ганц арга нь энэ болохоор арга ч үгүй биз. Хэсэг хугацаанд түүнийг ажиглан зогсох зуур хажуугаар өнгөрсөн хүн бүр 50-100 төгрөг хийж харагдана.

40 минут орчим зогсоод өөрийн эрхгүй бүх бие хүйт дааж, хүйтэн жавар хацар хайрч байлаа. Харин тэрбээр тоосон ч шинжгүй суусаар л. Гэтэл гэнэт салхи сэвэлзээд уутных нь аман дээр өнгөцхөн байсан 100 төгрөг эмээгийн урдуур хийсчихэв. Хүүе гэхийн завдалгүй эмээ маань уутаа шүүрэн аваад өнөөх мөнгөнийхөө араас босох нь тэр.

Хараагүй гэж бодсон эмээ хараа орчих нь тэр Хараагүй гэхээр хүмүүс өрөвдөж, арай л илүү мөнгө өгдөг байж болно. Эсвэл хэн нэгний явуулгаар ингэж суудаг юм болов уу даа гэх бодол ч төрж байв. Ингэж бодох тусам түүнийг дахин хэсэг хугацааанд ажигламаар санагдлаа.

Даарч байсан минь ч сонирхолдоо хөтлөгдөөд гайгүй болчихов. 10 хүрэхгүй минутын дараа 20 гаруй насны гэмээр охин ирээд хайрцагтай мөнгө рүү өнгийн харснаа эмээд ямар нэгэн юм хэлээд цайны газар уруу гүйн орлоо. Түүний араас ортол хоёр хуушуур, салат идэж суусан юм. Эргэж гараад эмээ дээр очих болов уу гэтэл байдаггүй шүү. Цайны газарт хэдэнтээ цай захиалж уугаад л байх юм. Бараг хоёр цаг боллоо. Харин өнөөх эмээ маань их л даарч байгаа бололтой, гap хөл нь чичрэн арай ядан сууж харагдана.

Арга ч үгүй биз. Жавар тачигнасан энэ хүйтэнд гурван цаг гаруй хүйтэн цемент дээр хөдөлгөөнгүй сууна гэдэг. Ингэж хэдэн цаг суух нь битгий хэл хэсэгхэн газар алхахад даараад халуун, дулаан гэртээ очих гэж яардаг. Ингээд бодохоор түүний хүүхдүүд үнэхээр арчаагүй сэтгэлтэй мэт. Төрсөн эхээ ингэж амьдруулахыг хүсэхгүй л баймаар.

Тэрбээр хэсэг суусны дараа явах гэж буй бололтой урдаа байсан хайрцагтай мөнгөө гялгар уутанд хийж аваад босох гэж оролдлоо. Хэдэн цаг хүйтэнд хөдөлгөөнгүй суусан болохоор хамаг бие нь хөшсөн бололтой эргээд суучихав.

Эгээ л хөлд орж буй хүүхэд аятай дэн дун алхсанаа хэсэг зогслоо. Цайны газрын үүдэнд ирээд бээрч даарсан гараа халааснаасаа арай гэж гаргаад 100, 50-тийн төгрөгөө хооронд нь ялгах аядав. Энэ үеэр түүнтэй цөөн хэдэн үг сольсон юм. Тэрбээр хэтэрхий удаан суусан болохоор ам нь бээрч арай гэж хэдэн үг хооронд нь нийлүүлж байлаа.

-Түрүүн ирээд явсан охин таны юу вэ?

-Манай том охин. Би гурван хүүхэдтэй. Намайг авах гэж ирж байгаа юм.

-Та энд байнга суудаг уу. Таны нүд зүгээр бололтой. Яагаад хараагүй гэж бичсэн юм бэ?

-Өнжөөд нэг гардаг. Миний нүд харна, гэхдээ бага зэрэг. Мөнгө олох ганц арга минь энэ болохоор аргагүй шүү дээ. Надад хоол олж өгөх хүн өөр байхгүй.

-Хүүхдүүд тань хаана амьдардаг юм бэ. Хамт байдаггүй юм уу?

-Манай охин нөхөртэй. Нөхөр нь надад байнга гар хүрдэг. Охин маань ч хааяа надад гар хүрдэг болохоор би очихыг тэр болгон хүсдэггүй юм. Иймээс Ханын материалд гэр оронгүй хүмүүсийг хоноглуулдаг асрамжийн газарт амьдардаг. Гэхдээ шөнөдөө л очиж хонодог гэв.

Түүний уутанд нэлээд хэдэн төгрөг харагдав. 5000 мянган төгрөг ч харагдана. Өдөрт дунджаар 5-10 мянган төгрөгийн орлоготой. Олсон мөнгөө өөртөө л зарцуулдаг гэв. Энэ өдрийн хувьд түүнд хүмүүс чамлахааргүй мөнгө өгсөн гэж ярьж байсан. Өнөөдөр хараагүй болж жүжиглэсэн гуйлгачин эмээ маргааш ямар дүрд тоглох бол. Энэ мэтчилэн хүний сэтгэлийг хөдөлгөн байж мөнгө олдог хүмүүс манай нийгэмд цөөнгүй. Гагцхүү тэднийг бидний амьдарч буй нийгэм л ийм болгож байгаа. Тэд эхээс төрөхдөө гуйлгачин байгаагүй шүү дээ.

Д.АНГАРАГ

Эх сурвалж: Unen.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.