• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Л.Оюун-Эрдэнэ-ийн хэрэгжүүлэх 4 зорилт

Л.Оюун-Эрдэнэ-ийн хэрэгжүүлэх 4 зорилт

Тэрээр “Монгол Улсын хүндэт иргэдээ, Засгийн газрын гишүүд тангараг өргөж ажилдаа шуурхайлан орох боломжийг олгосон УИХ-даа баярлаж байна. Манай Засгийн газар олон асуудал, улстөржилттэй нүүр тулна. Манай Засгийн газар ирэх гурван жилд дөрвөн зорилтыг хэрэгжүүлнэ.

1. Цар тахлыг даван туулах төлөвлөгөө Ковид-19 вирус дэлхийг маш хүнд байдалд оруулж байна. Дэлхийн эдийн засаг 4.9 хувиар буурсан нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас гурав дахин хүндрэлтэй байгааг судлаачид гаргасан байна. Манай Засгийн газар цогц төлөвлөгөө боловсруулж шуурхай ажиллана.

Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт. ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд хамруулахын тулд Засгийн газар эхний 100 хоногт хийхийн төлөө ажиллана. Цар тахлаас үүссэн эдийн засгийг нийгмийн хүндрэлтэй хамт богино хугацаанд даван туулах боломж бүрдэнэ. Цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн аж ахуйн нэгж, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих арга хэмжээ авна. Гадаад гацсан иргэдээ үе шаттай хэрэгжүүлнэ.

2. Эдийн засгаа сэргээх төлөвлөгөө Цар тахлыг даван туулсны дараа дэлхийн эдийн засаг огцом буцаж сэргэх хандлагатай байгаа. Эдийн засгаа сэргээх томоохон зорилтуудаасаа өнөөдрийн сэтгэлзүйд автан ухарч болохгүй. Харин өнөөдрөөс цар тахлын дараах эдийн засгаа бэлдэх хэрэгтэй. Манай улсын зарлага орлогоосоо хоёр тэрбум ам.доллараар их байна. нүүрсийг орлох шинжлэх ухааны ололт дэлхийд гарахад Монгол хэмээх өрх айл цалин, тэтгэврээ ч тавьж чадахгүй амаргүй нөхцөл байдалд орно.

Тийм ч учраас давс мэт шорвог шийдвэрүүд эдийн засагт гаргахаас өөр гарцгүй. Уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн бүтцийг уул уурхай өндөр байх үед арилгах хэрэгтэй. Шинжлэх ухаан мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлнэ. Энэ салбарыг өөрчлөх зайлшгүй шаардлага байна. Үндэсний компаниудаа дэмжин ажиллана. Үндэсний баялгийн санг байгуулна. Үүнийг дотор нь хуримтлалын, тогтворжуулалтын, хөгжлийн гэсэн гурван үйл ажиллагааны чиглэлтэй байлгана гэж тооцож байна.

Оюунтолгойн гэрээг эрс сайжруулахын төлөө ажиллана. Засгийн газрын тэргүүний хувьд Алсын хараа 20-50 хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн дараах салбарыг тэргүүлэх салбар болгон бодлогоор дэмжихээ зарлаж байна. Боловсруулах аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэр, тээвэр ложистк, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл технологийн салбарууд байна. Ордны өрөөнд шигдсэн биш олон нийтийн дунд ажилладаг Ерөнхий сайд байх болно.

3. Дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоо Баян ядуугийн ялгаа эрс нэмэгдэж орлогын тэгш бус байдал газар авч далд эдийн засаг цэцэглэж гурван хүн тутмын нэг нь дунджаас доогуур амьдарч байна. Иргэдийн амьдралын чанарт дорвитой өөрчлөлт хийж чадсангүй. Цаг алдалгүй дундаж давхаргыг дэмжихгүй бол дундчууд өдрөөс өдөрт ядуурлын гүн далай руу явсаар байна.

Ирэх гурван жилийн хугацаанд Залуус 1,2,3 хорооллыг барьж Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж хийнэ. Боловсрол хүний амьдралын чанарыг дээд төвшинд аваачих хүчирхэг онгоц юм. Хот хөдөөгийн сургалтын чанарыг сайжруулж, англи хэлийг хоёр дахь хэл болгоно. Ерөнхий сайдын тэтгэлгийг жил бүхэн зарлана. Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Зүрх судасны үндэсний төв, Түлэнхийн төв, Хавдар судлалын үндэсний төвийг шинээр барина.

Ингэснээр гадаадад эмчлүүлэхээр гаргаж байгаа 100-120 сая ам.долларын урсгалыг 30-40 хувиар бууруулна. Өглөө эрт босдог, орой эрт унтдаг үндэстэн болох ёстой. Жингийн илүүдэлтэй тэмцэх үндэсний шинэ соёлыг бий болгоно. 4. Шударга ёс ба цахим засаглал Жанжин Д.Сүхбаатарын талбайд -30 хэмийн хүйтэнд 30 мянган иргэн цугларч, өнгөрсөн 30 жилийг цэглэж, шинэ 30 жилийг эхлүүлэхийг хүсч, улс төр, уул уурхай, шүүх, хууль хяналтын байгууллага дамнан оршсон бүлэглэлд “ҮГҮЙ” гэж хэлснийг би хэзээ ч мартахгүй ээ!

Миний ордон доторх хүч мөхөсдвөл олон нийтийн дэмжлэгийг авах болно. Энэ удаагийн авлигатай тэмцэх явдал бол хогийн ургамалуудтай бус түүнийг бүрдүүлж буй хөрстэй нь тэмцэнэ. Авлигыг үүсгэх гол үндэс бол төрийн хүнд суртал, улс төрийн авлигажсан тогтолцоо. Тиймээс авлигатай тэмцэх тэмцэл амар байдаггүй. Хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй, хараат бус шударга шүүхийн тогтолцоог бүрдүүлэхийг миний бие бүх талаар дэмжин ажиллах болно.

Төрийг албан бусаар удирдахыг хүсдэг бүлэглэлийн нөхдүүдтэй хатуу тэмцэнэ гэдгээ энэ индер дээрээс дахин мэдэгдэж байна. Тэдний шүүх, хууль хяналтын байгууллагад байршуулсан төлөөлөгч нарыг зайлуулахын төлөө ажиллах болно. Цаашид төрийн дээр төр шиг, албан бус бүлэг дахин үүсэх, улс төрийн зорилгоор хууль хяналтын байгууллагыг ашигладгийг бүрэн таслан зогсоохын тулд парламентын сонгодог тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн цогц реформыг улс төрийн намуудтай зөвшилцөн УИХ-д өргөн барьж, шийдвэрлүүлэхийн төлөө хичээх болно.

Шүгэл үлээгчийг хамгаалах тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Төрийн албаны ёс зүйн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар төрийн байгууллагын албан тушаалтнууд орлогоосоо давсан хэрэглээтэй эсэх, хөрөнгө орлогын мэдээллээ буруу мэдээлж байгаа эсэх, бүртгэлжүүлэн цэгцлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх болно.

Цахим үндэстэн байгууллага үйл ажиллагаагаа илүү далайцтай хийх болно. Өнөөдөр E-Mongolia цэгт төрийн 182 үйлчилгээ нэгдсэн байгаа. Төрийн аливаа үйлчилгээг цахимжуулаагүй авч үлдсэн албан тушаалтанг авлигыг дэмжиж байна хэмээн үзэж, хариуцлага тооцох болно. Цахим шилжилтийг 2021-2024 оны хооронд 90% хүртэл хийх болно.Ингэхийн тулд Цахим хөгжлийн яам байгуулна.

Энэ бол орон тоо нэмж буй зүйл биш, харин төрийн бүх шатны байгууллагын орон тооны давхцлыг байхгүй болгож, төрийн данхайсан бүтцийг 30-40 хувиар бууруулах цорын ганц шийдэл юм. Цахим гарын үсгийг нэвтрүүлнэ. Хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хуулиар хангана. Төрийн хүнд суртал багасч, иргэн таны цаг хугацаа хэмнэгдэнэ.Төрийн байгууллагын албан тушаалтнууд өөр хоорондоо бэлэг солилцдог, хамтран ажиллах гэрээ хийдэг, анхан, дунд шатанд зохиомлоор хүнд суртал үүсгэдэг асуудлыг таслан зогсоох ажлыг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна.Мөнхийн хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой бүх чиглэлд нээлттэй, идэвхтэй түншлэн ажиллана.

Даяаршин буй дэлхий ертөнцөд өөрийн үндэсний онцлого, сэтгэлгээ, ахуй, давтагдашгүй мөн чанараа эрхэмлэж, үндэсний ялгарлаа хайрлан хамгаалж, дэлхий дахинд Монгол орныг сурталчлан таниулах ажлыг далайцтай зохион байгуулах болно.Үе үеийн Ерөнхий сайдуудаас бүрдсэн “Үндэсний бодлогын хүрээлэн”-г байгуулж тогтмол ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Манай Засгийн газар бүх өмнөх бүх Засгийн газрын зөв бодлогын залгамж чанарыг хадгалах болно. Ардын намын Засаг, Ардчилсан намын Засаг гэж байхгүй, Монгол Улсын Засгийн газар л гэж бий. Тиймээс үндэсний нэгдмэл үнэт зүйлээ бэхжүүлж, дотооддоо сөргөлдөх биш дэлхийн бусад улс орнуудтай хөгжлийн үзүүлэлтээр уралдацгаая.

нийтлэлий: Nalaih.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.