• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Л.Оюун-Эрдэнээ хэлсэн бүх амандаа хүрнэ биздээ. Чамайг ард түмэн харж байгаа.

Л.Оюун-Эрдэнээ хэлсэн бүх амандаа хүрнэ биздээ. Чамайг ард түмэн харж байгаа.

Л.Оюун-Эрдэний мандаж буй замналыг их хол явуулахгүй дарж авах, гуравдугаар сарын 01-нд намын даргын тамгаа У.Хүрэлсүхээс авч, МАХН, МАН хоёр нэгдэх эсэх гэрээ хэлцэл хийх гэх мэтээр Ардын намын ах нар ард түмний амьдрал руу шагайж харах завгүй явна.

Харин хэт дэвэргэн мөрөөдөлтэй, завсрын цагт төр удирдаж буй Ерөнхий сайд нь хэтэрхий ганган тайз засчихаад дефолт зарласан эдийн засаг руугаа 10 их наядын мөнгө хэвлэж “асгана” гэсэн мөрөөдлөө яриад завгүй байх юм.

Залуус-1, 2, 3 хороолол, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, залуусын хөдөлмөр эрхлэлтэд зарцуулах 4 их наядыг Хармагтайн ордоос 1 их наяд, Засгийн газрын бондоор 1 их наяд, “Эрдэнэс Тавантолгой”-гоос 2 их наядыг тус тус гаргуулж шийдвэрлэх бол, том төслүүдийг хөдөлгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх 6 их наядыг Монголбанкаар мөнгө хэвлүүлж шийднэ гэдгээ ч Сангийн сайд Б.Жавхлан нуусангүй. Авууштай нь энэ Засгийн газар дампуурсан эдийн засаг хүлээж авсан гэдгээ нуусангүй.

Улсын төсвийг Ч.Хүрэлбаатар улайсгаж, дампуурлын ирмэгт өгсөн шүү хэмээн Сангийн сайд Б.Жавхлан хэлчихлээ.Даанч түүнийгээ засахдаа эдийн засаг руу шууд бэлэн мөнгө цутгаж, хэт хөөсрөлд автсан мөрөөдлөөр амьдралыг зурж буй нь харамсмаар.

МАНгуурсан бас нэг шийдвэр нь залуусыг нэг сарын хугацаанд вакумжуулсан сургалтад хамруулж, ажлын байранд гарах үед нь 1 сая төгрөгийн урамшуулал өгнө гэх шийдвэр. Хэрвээ тэдгээр залуус ажлын байран дээр гарах юм бол аж ахуйн нэгжүүдэд урамшуулал өгөх юм гэнэ ээ.

Яаж ч бодсон амьдралд наалдахгүй бодлого. Хий дэмий ажилгүй тэнэж яваа залуус төрийн хоол идэж нэг сар хэвтчихээд сая төгрөг авахыг бодно. Цүнхний компаниуд ажилд авах нэрийдлээр тушаал гаргаж, төрөөс халамж авахаа хэнээр ч заалгахгүй гэдгийг ажил авсан өдрөөсөө л аймаар том амлалт өгсөөр яваа Л.Оюун-Эрдэнэ бид хоёр л мэдэхгүй байв гэж дээ. Эс бөгөөс өөрийнх нь намын найз нөхдийнх нь хэдэн компанид төрийн дэмжлэг хэрэг болоо юм болов уу.

МАН-ын толгой лидерүүд барилгын бизнесийг тэр чигээр нь атгасныг захын нохой ч мэднэ. Газар нь шийдэгдчихсэн, барилгын ажил нь эхэлчихсэн Солонго-1, 2 хөтөлбөрөө ч эхлээгүй байж ямар юмных нь Залуус-1,2,3 вэ, Ерөнхий сайд аа. Ард түмэндээ нөхөн олговор болгоод 1 сая төгрөг өгөөч гэхээр мөнгөгүй гэдэг атлаа ажил хийхгүй залуусыг нэг сар вакумжуулна гэхээр мөнгөтэй болчихно.

Монголын залуус мэдлэггүй, чадваргүйдээ ажил хийхгүй байгаа юм биш. Барилгын шавар өрөх ажлыг Өмнөд солонгост хэдэн мянгаараа хийж байна. Гагцхүү ажил хийсэн хөлсийг нь өгдөггүй луу унждаг учраас тэд хийхгүй байгаа юм. Тийм байхад 5000 залууг вакумжуулна, тэгээд 1 сая төгрөг өгөөд ажлын байранд хөөж гаргана ч гэх шиг. Арай амьдралтай зүйл сэтгэнэ үү. Мөрөөдлөөр монгол хөгжөөгүй юм.

Үе үеийн сайд нар мөрөөдлөөрөө баллаж дууслаа. Одоо бодит байдлаа нүдээ нээж хардаг ажил хийдэг сайд хэрэгтэй байна. ЖДҮХС нэрээр мөнгө тавихаар замаас нь хэн авах бол хэмээн айдаг болчихоод байна, ард түмэн чинь. Төр мөнгөтэй юм бол нөхөн олговор өгөөд, вакцинаа хийгээд хүмүүсээр ажлыг нь хийлгэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.