• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Та машин худалдаж авахдаа яаж шалгаж авах вэ?

Та машин худалдаж авахдаа яаж шалгаж авах вэ?

1/ Техникийн ерөнхий байдал нь дажгүй байвал кузовт бага зэргийн засвар орсон байж болно. Харин нугасан эд анги, доогуур эд анги, ялангуяа кузовын хормойн хэсэг зэвтэй байж болохгүй. Кузовын гадаргууг усаар шүршээд өнгө нь өөрчлөгдөж, ялгарч харагдаад байвал урьд нь будганд оржээ гэж ойлгож болно. Ус байхгүй бол наранд сайн ажиглаж бас болно. Харин салоны дууг шалгахын тулд урд, хойно нь суугаад донсолгоотой замаар явж үзээрэй.

2/ Тухайн машин үйлдвэрлэгдсэн оныг суудлын бүрээсэн дээр бичсэн байдаг. Түүгээр нь тухайн машин хэдэн онд үйлдвэрлэгдсэн болохыг мэдэж болно. Мөн ямар ч автомашин пайзтай байдаг. Тус пайз нь копутны арын хэсэгт буюу салхины шилний ойролцоо хадагдсан байгаа пайзан дээр тухайн машины үйлдвэрлэгдсэн он, автомашины өнгөний кодыг бичсэн байдаг.

3/ Нэгэнт муудсан хийн болон шингэн өргөгчтэй тэнхлэгийн засварын хөлс нэлээд гардаг. Тухайн машиныхаа урд хоёр дугуйг хөндийрүүлэн хоёр тийш займчуулаад үзээрэй. Холхиж байвал рулийн тяаг шарнеруудыг яаралтай солих болжээ гэсэн үг. Хэрэв дээш, доош холхиж байвал өндгөн тулгуур, эсвэл гарны втулк муудсан байна. Дөрвөн дугуйн хөтлөгчтэй машины кардан дамжуулга, мост зэрэгт дуу орсон байвал авах хэрэггүй.

4/ Рулийн аппаратнаас шингэн гоожиж байвал засвар үйлчилгээнд их хэмжээний зардал гарна гэж ойлгох хэрэгтэй. Харин гидрийн саванд төмрийн үртэс байвал гидрийн насос, рулийн аппаратны эд анги муудсан гэсэн үг. Энэ тохиолдолд эдгээрийг засах бус шууд солих хэрэг гарна. Ийм машин авах хэрэг байна уу? Мөн рулийн гидрт дуу орсон, руль нь зөөлхөн эсэхийг шалгахад гэмгүй.

5/ Духны ремень, гинж солих хугацаа тулсан, эсвэл хэтэрсэн байвал сольсон эсэхийг нь нягтлаарай. Ядаж л машинаа асаагаад дуугаар нь шалгаж болно. Гинж нь суларсан байвал асахдаа тачигнаж дуугарна. Машины яндангаас хар утаа гарч байвал шатахуун их зарцуулдаг гэж ойлгож болно. Хамгийн найдвартай арга бол яндан руу нь хуруугаа хийж үзээд хөө тортог байхгүй эсэхийг шалгах. Ер нь хөдөлгүүртэй холбоотой бүх юмыг засварын газраар оношлуулсан нь дээр.

6/ Дугуйны чанар байдлыг, бас хээг нь хар. Нэгэнт л худалдан авалт хийж байгаа учир сайн дугуйтай машин авах хэрэгтэй. Дараа нь шинэ дугуй авъя гэж бодох хэрэггүй. Дөрвөн шинэ дугуйнд бас л багагүй зардал гарна.

7/ Автомашины жолоог эгц байрлуулсны дараа машинаа урдаас нь харж, дугуй нь голлож байгаа эсэхийг хараарай. Дугуй нь дотогш эсвэл, гадагш налсан байна уу? Дугуй хазайсан байдлыг тавилтын өнцөг гэдэг. Тавилтын өнцөг алдагдсан машины дугуйны элэгдэл хурдан байдаг. Дугуй солих хугацаа болоогүй байхад дугуй нь түрүүлээд элэгддэг. Мөн маневр хийх чадвар нь муудна.

8/ Түлхүүр түлхээд бүх асах ёстой гэрлүүд хянах самбар дээр асаж байна уу, үгүй юу гэдгийг эхлээд шалга. Дараа нь машинаа асааж үзэхэд гар тормозноос бусад гэрэл хурдан унтрах ёстой. Унтраагүй үлдсэн хянах самбар дээрх лампууд тэр бүгдийг шалгах эсвэл эвдэрсэн гэдгийг сануулж байгаа юм. Үүний дараа машинаа унтрааж түлхүүрээ 1 түлхэх буюу ACC горимд тавьхад (Хөдөлгүүрээ асаахгүй) маслын гэрэл шууд асахгүй хэсэг хугацааны дараа асч байгаа бол хөдөлгүүр хуучраагүй сайн байгаагүй шинж юм. Учир нь моторт үүссэн даралт хэвийн зөвхөн тахир голын жийргэвч холхивчоор даралт маслотай цуг хэвийн горимоор алдагдаж байна. Харин түлхүүрээ тулхэхэд гэрлүүд шууд эргээд асч байвал мотор компрессор алдаж байна, хөдөлгүүр хуучирч байна гэсэн үг.

9/ Мотороо шалгахдаа маслаар нь шинжиж болдог. Моторын маслыг гар дээрээ дусаагаад эмэрч үзэхэд ямар нэгэн металл үртэсэрхүү зүйл мэдэгдэж байвал тахир голын укладаш гэмтсэн, харин тараг шиг иссэн, эсвэл ундааны хөөс шиг юмтай байвал гавлын жийрэг, хамаг жийрэгнүүд нь хэт халснаас болж сэт явсан гэсэн үг. Халаасан мотор л иймэрхүү шинж тэмдэгтэй байдаг. Хэрэв зэв шиг бор юмтай байвал мотор нь нэг бус удаа халсны дохио юм.

10/ Машинаа унаж байж ажиллагааг нь мэднэ. Доргилт, цохилт мэдрэгдэж байвал автомат кроп асуудалтай байгаагийн шинж. СVT кроптой машин унахад татваганаж байвал энэ машиныг авах хэрэггүй гэж зөвлөмөөр байна.

Монголд байгаа ихэнхи автомашинууд Хонконг, Солонгос, Америк, Япон, Арабын зарим нэг улсууд, цөөн тохиолдолд Европын улсуудаас орж ирсэн байдаг. Эдгээр машинууд тус тусын онцлогтой. Жишээ нь, Солонгосоос орж ирж байгаа машинууд зардал багатай, сэлбэг хямд, олдоц ихтэйн дээр түлшний зарцуулалт бага. Харин Америкаас ирж байгаа машинууд түлш идэлт ихтэй байдаг. Ер нь Америкчууд автомашиныг хэр их шатахуун хэрэглэж байгаагаар нь бус найдвартай байдлаар нь үнэлдэг. Бас том хэмжээтэй, зай ихтэй машинд дурлацгаадаг хүмүүс. Харин Араб гэх мэт дулаан орноос орж ирсэн автомашинууд “эйр кондишн” буюу сэрүүцүүлэгчтэй байдаг ч дулаан пааргүй байдаг. Тиймээс паартай эсэхийг шалгаад үзэхэд гэмгүй.

Эцэст нь зөвлөхөд, худалдаж авах машинаа сонгохдоо аль болох түгээмэл загвараас сонговол сэлбэгийн асуудалд орохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.