зөвлөгөө
Өөрөөсөө илүү бүхэнтэй ойр байх нь ямар их үр дагавартай гээч.

Өөрөөсөө илүү бүхэнтэй ойр байх нь ямар их үр дагавартай гээч.

Та өөрөөсөө илүү гэсэн бүхнийг түлхэн холдуулдаг төрлийн хүн үү?

Хэрэв өөрөөс тань илүү чадвартай эмэгтэй танайд шинээр ажилд орсон гэдгийг дуулаад “Түүнтэй л цуг нэг тасагт орохгүй юм шүү” гэж дотроо залбирдаг бол, эсвэл нэртэй брендийн бүтикийн хажуугаар зөрөхдөө орлоо гээд худалдаж авч чадах биш дээ гэж бодоод л өнгөрдөг бол та гарцаагүй тийм төрлийн хүн юм. Ийм хүмүүс илүү бүхнээс эмээж, тэдний түвшинд өөрийгөө нийцэхгүй хэмээн эндүүрдгээсээ болоод хөгжин дэвшихдээ удаан байдаг. Зарим нь бүр одооныхоо байрнаас дээшээ хөдлөе гэсэн бодол тээхээ хүртэл больчихсон байдаг.

Өөрөөр хэлвэл алтны дэргэд байх юм бол алтнаасаа эрс ялгараад, өөрийнхөө мууг улам л мэдэгдүүлэх болно гэсэн айдсаас болж “алтны дэргэдэх гууль шарладаг” гэсэн дүрмийг мартдагтай адил юм. Яагаад бид өөрөөсөө илүү бүхэнтэй ойр байх ёстой вэ? Таарахгүй тохирохгүй гэж бодолгүйгээр таниас ямар нэг зүйлээрээ илүү хүнтэй хамт байж, ойр дотно ярилцсанаар та тэднээс өөрт дутагддаг чанаруудыг олж харах болно. Мөн тийм хүмүүс хүнд ямагт хөдөлгүүр, түлхүүр шиг нөлөөлдөг.

Учир нь хамт байх тусам тэдэн шиг, тэднээс ч илүү болохыг хүсэж эхэлдэг. Хэрэгтэй чанаруудаа тэднээс шингээж авах нь хэн нэгнийг ашиглаж буй биш, үлгэр дууриал авч буй хэрэг юм. Бүрэг ичимхий зантай та өөрийгөө эвдмээр санагддаг бол танихгүй хүнтэй ч эртний найзууд шиг чөлөөтэй харьцаж чаддаг, таниас хувь илүү “задгай” хүнтэй ойр байх гээд үз. Та өдийг хүртэл өөртэйгөө адилхан дотогшоо хүмүүстэй нөхөрлөж ирсэн шүү дээ.

Энэ мэтчилэн заавал мэдлэг чадвараар биш, танд байдаггүй тэр л занг өөртөө хамгийн ихээр “агуулдаг” хүмүүстэй ойр байснаар та тэднээс суралцаж болох юм. Эхэндээ тэд таниас тэс өөр юм шиг санагдаж магадгүй. Гэвч өөр байна гэдэг үргэлж аль нэг талаараа илүү байгаагийн хоёрдогч нэр байдаг.

Эдлэл хэрэглэлийн тал дээр ч тэр. “Авах боломжгүй” гэж “тэнгэрт хадсан” үнэтэй бараатай дэлгүүрийн хажуугаар өнгөрөлгүй, ороод, таалагдсан хувцсаа өмсөж үзээд гардаг болох нь яагаад гаднаасаа жирийн эдлэлээс ялгагдах юмгүй харагдах хоёр хувцасны үнэтэй нь эзнийхээ өөрийгөө үнэлэх үнэлэмжийг илүү дээшлүүлдэг болохыг та ойлгоно. Тиймээс та өөрөөсөө илүү гэсэн бүхэнтэй “албаар” ойртож очоорой!

Шинэ 7 хоногийн ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!