• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Их идэхээ больж чадахгүй байгаад байвал ҮҮНИЙГ УНШААД ҮЗЭЭРЭЙ.

Их идэхээ больж чадахгүй байгаад байвал ҮҮНИЙГ УНШААД ҮЗЭЭРЭЙ.

Хоол тэжээлээ өөрсдийн хүчээр олж авдаг байсан балар эртний үед хүмүүс таргалалт гэж юу болохыг бараг мэддэггүй байсан.

Харин хөргөгчөө онгойлгоод л хүссэн зүйлээ авч идэх болсон өнөө үед жин нэмэх хандлага ихэсч байна. Бидний хоолоо хэтрүүлдэг шалтгаан, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар бид танд дараах зөвлөгөөг хүргэж байна. Хэтрүүлж идэхийн шалтгаан. Илүүдэл жингээсээ болж шаналж байдаг зарим нэг нь эсэргүүцэж магадгүй ч нухацтай бодоод үзвэл бид бараг бүхэл өдөржингөө л ямар нэг юм идэж байдаг. Өглөөний цай, бага үдийн унд, өдрийн хоол, оройн хоолны өмнөх амттан, оройн хоол, хоолны дараах амттан гээд л …

Энэ тойргоос яаж гарах вэ? Хэрхэн зогсоох вэ? Харамсалтай нь үүнийг шууд зогсооход амаргүй, тиймээс эхний ээлжинд чухам яагаад, юунаас болж хэтрүүлж идээд байгаагаа мэдэх нь чухал. Уйтгарласнаас болж– Энэ бол хэтрүүлж идэхийн хамгийн түгээмэл шалтгаануудын нэг. Хийх юмгүй уйдсан үед бодол санаа өөрийн эрхгүй идэх юман дээр төвлөрдөг. Өөрийгөө юугаар эрхлүүлэхээ бодохын сөхөөгүй гар чинь “удирдлагагүйгээр” хөргөгч рүү тэмүүлнэ. Ялангуяа ганцаараа зурагт үзэж суухдаа бүр их иддэг. Тэгээд хир их идсэнээ, ер нь юм идсэн эсэхээ ч анзаардаггүй.

Хэн нэгнийг, эсвэл ямар нэг зүйлийг хүлээж байх үе ч дээрхийн ижил. Тийм үед юун дээр ч анхаарлаа төвлөрүүлж болдоггүй учраас зүгээр л өөрийгөө саатуулахын тулд, цаг нөхцөөхийн тулд юм иддэг. Бас гэр бүл, хамаатан садны ямар нэг баяр, ажлын газрын хүний төрсөн өдөр гэх мэтийн уйтгартай арга хэмжээний үеэр ярих ч, хийх ч онц юм байхгүйгээс идэхээс өөрөөр өөрийгөө сатааруулах зүйл олддоггүй. Тиймээс дараагийн удаа үдэшлэг зохион байгуулахаар бол хиамны оронд олуулаа тоглож болохоор тоглоом худалдаж аваарай.

Бүгдийг хойш тавих дуршил буюу прокрастинаци
Өмнөх тохиолдлуудад их идэх нь цаг нөхцөөх арга байсан бол энэ удаад ямар нэг зүйлийг холдуулах хэрэгсэл болж өгдөг. Жишээ нь та ямар нэг хэцүү зүйл хийх гээд барьж авахаас зүрхшээгээд байгаа бол яг тэр үед завсарламаар, бас ямар нэг юм идмээр санагдана. Тэгээд жаахан юм идэж аваад овоо эрч хүчтэй болсон мэт санагдах ч ажил бас л нэг олигтой урагшилж өгөхгүй. Тэгээд бас л юм идмээр санагдана. Хийх дургүй ажлаа хийх гэж байгаа үед ч мөн иймэрхүү байдал ажиглагддаг.

Ганцаардал
Ганцаардал бол энэ хорвоогийн хамгийн уйтгартай зүйлүүдийн нэг бөгөөд зарим хүн идэвхтэй байж нөхцөл байдлыг өөрчилөхийг хичээдэг бол зарим нэг нь урсгалын дагуу хөвж, хувь заяатайгаа эвлэрэн хүмүүстэй харьцахаас юм идэхийг илүүд үзэх нь бий.

Стресс
Стресстэй байх үед, хэцүү асуудалтай тулгарсан, их ядарсан үед тайвширахад тийм ч амар байдаггүй. Ийм үед олон хүнд идэх юм тусладаг. Дээр хэлсэнчлэн юм идэх нь хэцүү асуудлаа түр зуур ч гэсэн мартагнаж, таашаал авах хамгийн хялбар арга. Спортоор хичээллэх, бассейнд явах, массаж хийлгэх, йогоор хичээллэх гээд эрүүл мэндэд тустай стресс тайлах өчнөөн олон зүйл байдаг ч эдгээр нь бүгд хүнээс хөлс хүч шаарддаг. Харин юм идэхэд хөргөгч рүүгээ очоод л болоо.

Сэтгэл хөдлөлөөс болж
Уйтгар гуниг, бухимдал, баяр хөөр, уур хилэн эд бүгд их идэх дуршилд зуучлагчид. Бид сэтгэл санааны дарамттай байх үедээ өөрсдийгөө өрөвдөж дутагдаад байгаа эерэг энергийг идэх юмаар нөхөхийг оролддог. Заримынх нь идэх дуршил баяр хөөртэй үед нь ч нэмэгддэг. Хэтэрхий мэдрэмтгий, сэтгэлийн хөөрөл ихтэй хүмүүс өөрөөр тайвширч чаддаггүй, идэх дуршлаас хамааралтай байх нь элбэг.

Сексийн асуудал
Секс бол хүмүүсийн чухал хэрэгцээний нэг. Сексийн асуудалд хамтрагч байхгүй гэдгээс гадна дур ханахгүй байх, гомдол, өвдөлт гэх мэтчилэн олон зүйл хамаарна. Хэрвээ сексийн хэрэгцээ хангагдахгүй бол бид таашаал авах өөр арга хайж эхлэх бөгөөд энд хамгийн түрүүнд бас л идэх юм тус болох нь элбэг. Харамсалтай нь түүнээс авах баяр баясал нь түр зуурынх, харин үр дагавар нь жин нэмэгдэх.

Их идэх шалтгаан тэгээд яг юу нь вэ?
Та юм идсэнээрээ таашаал авч байж болох ч үнэн хэрэг дээрээ амьдралд чинь дутагдаад байгаа ямар нэг зүйлийг нөхөж байгаа хэрэг. Тиймээс хамгийн түрүүнд үүний шалтгааныг, чухам юу дутагдаж байгаа, юуг идэх юмаар солиод байгаагаа олж мэдэх зайлшгүй шаардлагатай.

Идэх юмаа юугаар орлуулах вэ?
Учир шалтгаанаа олж тогтоосон бол идэх дуршлаа орлуулж болох өөр арга хай. Шууд гурваас доошгүй хувилбар бодож олох хэрэгтэй. Жишээ нь ажлаасаа сатаарахын тулд юм иддэг зуршлынхаа оронд ус уух, юм унших, хүзүүний дасгал хийх, хамт ажиллагсадтайгаа дэмий ярих, түр өөр өрөөгөөр сэлгүүцэж болох юм. Уур бухимдлаа бялуу идэж дарахын оронд өөрийнхөө санаа бодлыг эвтэйхэн, ил тод хэлж сурах хэрэгтэй.

Хэрвээ идэх дуршил чинь уйтгар гуниг, ганцаардалтай холбоотой бол хоолны таваг, ходоодоо дүүргэхээсээ өмнө хүмүүстэй харьцах, сонирхолтой зүйлээр хичээллэх, шинэ найз нөхөдтэй болох зэргээр өөрийнхөө амьдралыг баяжуулж сонирхолтой болгохыг хичээ. Стресстэй, эсвэл сексийн тал дээр асуудалтай байгаа бол танд иллэг, усанд сэлэлт, йог, гэрийн тэжээвэр амьтдаа салхилуулах зэрэг илүү тус болно.

Хамгийн гол нь хэтрүүлж идэх нь өлсөж байгаа явдал биш, харин таны хангагдаагүй хэрэгцээний шинж тэмдэг гэдгийг ойлгож, түүнийг шийдвэрлэх нь таны үүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь танд гагц илүүдэл жингээс ч салахад туслаад зогсохгүй амьдралаа өөдрөг, өнгөлөг, сонирхолтой болгоход тань туслах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.