• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Гэр дотроо нэг өрсөлдөгчтэй байх чинь ямар төвөгтэй юм бэ?

Гэр дотроо нэг өрсөлдөгчтэй байх чинь ямар төвөгтэй юм бэ?

Наранцэцэг бид хоёрын өрсөлдөөн их эртний түүхтэй юм. Улаан шугам гэж татаагүй анхны жил УБДС-ийн монгол хэлний ангийн ганц хуваарь дээр 150 хүүхэд өрсөлдөж, тэр ганцыг нь шүүрчхээд, их маадгар амьтан сургуульдаа орсон, Нараа гэж нөхөр Багшийн комоос дан онц сурсаар байж, бүр конкурс ч үгүй орж ирж намайг нэг давсан түүхтэй.

За тэгээд дээд сургуулийн оюутан болоод ганц ч сайн дүн авахгүй, дан онц сураад л явсан, хажууд бас нэг нөхөр давхар онц сураад, төвөгтэй юм аа. Тэр нь өнөө Нараа. За тэгээд шинэ үеийн залуу оюутан дан ганц сурлагаар хол явахгүй, урлаг спорт хослуулна гээд сагс волейбол тоглосон, хажууд зэрэгцээд тоглоод хожоод байна. АСТ тэмцээн гээд бүжиглэж, жүжиглэнэ, хажууд байтугай, урд гараад бүжээд жүжээд байна. Барын зулзагыг бага дээр нь дар гэж зүйр үгийн утгыг тэгэхэд анх удаа ойлгож билээ. Яаж ойлгосон гэхээр: Барын зулзага нь Нараа байх нь, Бага дээр нь гэдэг нь 3-р курс байх нь, Дар гэдэг нь дарах нь байх нь гэж. Тэгээд намар нь манай том төрлөө.

Жилийн чөлөө мөлөө аваад нусаа хацартаа наах юм байх гэсэн, өө ээжид Илдийг харуулчхаад зэрэгцэж гүйсээр байгаад жилийн чөлөө ч авалгүй төгсчихлөө хөөе.

За тэгээд төгсөөд би сургуульдаа үлдлээ. Хамгийн гайгүй нь л үлддэг дээ гээд онгирч байтал өнөө Нараа өөрөө хэдэн нөхдийн хамт Гүүр гэж сургууль үүсгэн байгуулаад, хичээл зааж эхэлдэг байгаа. Би зүгээр байж байсан сургуульд ажиллаж байдаг, Нараа тэгтэл өөрөө сургууль шинээр үүсгэлцэж байдаг… бас л дийлдлээ.

Нөгөө барын зулзага, юу билээ, яалаа… ахиад нэг хүү төрлөө. Тэр үед чинь гадаад дипломатын газар хичээл заана гэдэг нэр хүндтэй томдоо ордог ажил байлаа. Би Америкийн Энх тайвны корпуст багшлаад дээр нь гарчихлаа гэж бодсон чинь өнөө Нараа Элчин сайдын яаманд нь багш болчихдог юм даа. Үгүй ээ, нээрээ…

Индианагийн их сургуульд зочин судлаач гэж юм болоод Америкт ирлээ. Тэгсэн дагаж ирсэн өнөөдөх чинь шууд Төрийн Департаментын сургуульд уригдаад, багш болчихдог байгаа. Яах вэ энэ хүүхнийг. Толгой дээр гарах нь ээ? Гарах нь ээ ч гэж, гараад суучихсан л даа. Аа нээрээ арга байгаа -Барын зулзага, барын зулзага… Охин төрлөө.

Америкт нэг өөрийн гэсэн нэрээр үлдэх санагдах үйл ажиллагаа, овоохой босгож авна гэж санасаар 2007 онд нэг Монгол судлалын олон улсын хурал үндэслэж авсан юм. Өнөө өрсөлдөгч чинь тэгтэл яг тэр жил бүхэл бүтэн хэл соёлын зуслан босгоод авдаг юм даа. Гурван хүүхэд багаджээ дээ. Нөгөө үлгэрийг саналаа. Гурав хангалттай гээд далавчийг нь гаргаад өгсөн чинь хоёр хүүхдээ сугандаа, нэгийгээ салтаандаа хавчуулаад нисчихдэг дээ. Барын зулзага аргаа ахиад хэрэглэхгүй бол нисэх нь хөөе. Бага хүү төрлөө. Одоо ч нэг гэрийн сайхан авгай, тогооны сайхан хүн болсон доо гэж бодож байв.

Тэгээд энэ жил Конгрессын Номын Санд ажилд ороод, одоо чамайг давахыг чинь харах хуна даа гэж онгирч дуусаагүй байтал өнөөх чинь өнөө алдартай “UPen”n хэмээх “Ivy League” сургуулийн багшаар уригдаад Филадэлф хот руу явж одов оо хөөрхий. Нөгөө бага дээр нь дарж байна гээд гаргаж авсан хэдэн барын зулзагаа одоо тэгээд би өөрөө хараад үлдлээ л дээ. Тогооны хөө бил үү, хүн бил үү, тэр нь би болоод дууслаа.

Арай ч нэг хөл бөмбөг өшиглөөд гоол хийхгүй юм, бусдаар бол ямар ч амжилт гаргаад энэ хүүхний дороос гарахгүй нь ээ.

Юу буруу хийв гээд одоо бодоод суух нь ээ, хүүхэд л багадуулж. Барын зулзага нэг тав зургаадаа зүгээр юм байна шүү.

Зураг дээр: Барын зулзагыг бага дээр нь дараад авлаа даа хэмээн эндүүрэн суугаа байдал. 1993 он.

Мягмар Саруул-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.