• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
ТОГОРУУНЫ ХАРААЛ ДАЙРЧ ТООНО НЬ ХУВХАЙРСАН ГАЛ ГОЛОМТ

ТОГОРУУНЫ ХАРААЛ ДАЙРЧ ТООНО НЬ ХУВХАЙРСАН ГАЛ ГОЛОМТ

Дархан, Шарын гол зүгийнхэн бол андахгүй юм билээ. Хотын хүнсний үйлдвэрийн сүүн цехэд ажиллаж байсан “Молоко” Дамдин гэхээр андахгүйгээр барахгүй древнийхэн бол бараг нохой нь хүртэл хуцдаг гэсэн. Дамдин гуай Сэлэнгэ мөрөн, Хараа гол бараадан өвөлжиж, зусч, намаржиж, хаваржина.

Ерөөсөө тэнгэр, хангайн араншин даган нүүж, сууж явдаг жирийн нэг өвгөн. Тэтгэвэртээ гармагц л шууд Хараа голын нэгэн үзэсгэлэнт тохойд шувууны үүр шиг юм засч, товхийсэн заамал дүнзэн байшин бариад эмгэнтэйгээ хамт суурьшжээ.

Тэдний хүүхдүүд бүгд сайн явах бөгөөд компанийн захирал, Дархан хотын захиргааны ерөнхий төлөвлөгч, багш, эмч, жолооч хамгийн бага нь л гэхэд Энэтхэг улсад нанотехнологийн чиглэлээр суралцдаг ажээ. Хүүхдүүдээс нь хоёр доктор, гурван магистр, үлдсэн нь бүгд бакалавр цолтой.

Яг гарын хуруу шиг арван хүүхэдтэй. “Молоко” Дамдин гуай ерөөсөө хөнгөн шингэн, гар газар, хөл хөсөр суухыг үзэн яддаг ажилсаг нэгэн. Нөгөө шувууны үүр шиг голын тохойд нь сайн угсааны үнээ, бух, гахай, тахиа, галуу, зөгий, уналга болон чарганы хэдэн сайхан морьдтой. Шөлний 100 шахам хонь, ямаа бий. Байхгүй амьтан гэвэл тэмээ л байх.

Ийм нэгэн өв тэгш амьдралтай, арван хуруундаа алтан бөгж л зүүх дутуу хоёр буурал амьдран суудаг байлаа. Байлаа ч гэж дээ байсан юм чинь. Харин одоо тэдний гал голомт үнс чандруу мэт хийсээд арван хүүхдийнх нь тав л үлджээ. Юмны цаг нь ирвэл ийнхүү алга урвуулахын адил үгүйрэн хоосордог ажээ. Яагаад ингэх болов оо? Хариулах гэж оролдоё.

“Молоко” Дамдин гуай хоосон хонож, хуурай босч байгаа юм шиг нар дөнгөж мандаж байхад урт түрийтэй усны гутал өмсч томоо гэгч аранз мөрөндөө углаад чийгийн улаан хорхой хийсэн сав, мөн том паалантай арвын ногоон хувин таглаж аваад Хараа юм уу Ерөө, эсвэл Сэлэнгэ рүү арилж өгнө.

Санаагаар бол хэдэн малдаа өвс тэжээл тавьж өгөөд, морьдынхоо тахыг янзлаад, гахайгаа бордоод гэр зуураа тааваараа холхиж баймаар санагдана. Орой дээр хэдэн ленок, хайруус, хилтэг загас, аз нь шовойсон цагтаа л хааяа амель загастай ирнэ. Энэ нь ч яахав, лусын хааны хишиг буян байж болох юм. Харин ногоон саваар дүүрэн бор цоохор өндөг авчирна. Эмгэн нь ихэд дургүйцэн “Тахиа, галууны өндгийг яая гэж байхад ингэж зэрлэг шувууны өндөг түүж, эх амьтны голыг харлуулаад яах гэсэн юм бэ? Эх шувуу их зүдэрдэг юм гэнэ лээ.

Энийг чинь хэн идэх юм бэ? Хөргөгч дүүрэн” гэхэд “Молоко” Дамдин гуай “Маргааш Дархан орохдоо хүүхдүүддээ тарааж өгнө” гэх. “Ямар шувууны өндөг болохоороо ийм элбэг, тэгээд том байдаг юм бэ?” гэж эмгэн нь шалгаахад “Зэрлэг нугасны өндөг” гэж “Молоко” Дамдин гуай хэнэггүйгээр зална.

“Чи намайг мал шиг мэхлэх юм. Хэзээ зэрлэг нугас өндгөө сайр чулуун дээр унагаж байсан юм бэ? Наадахь чинь явж явж тогорууны өндөг л болж таарлаа. Тогоруу чинь их цэвэрч шувуу гэсэн шүү дээ. Хүний сүүдэр туссан л бол өндгөө голдог юм гэсэн. За, тэр нь дүүрч гэж бодъё. Тогоруу нэг хараавал төмөр дөрөө сэтэртэл хараадаг юм гэсэн шүү, өвгөн минь.

Хэдэн хүүхдүүдэд гай хөө чирэв” гэж эмгэн нь яншина. “За, за. Мэдлээ. Одоо больё” гэхэд нь эмгэн үнэмшинэ. Харин Дамдин гуай энэ бузар үйлдлээ зогсоосонгүй. Ойролцоохон, гэрийнхээ ард байрлах хадан цохион доторх тогтоол борооны усанд сайн нууж, Дархан хот орохдоо хүнсний зах дээр галууны өндөг гэж үнэд хүргэн чамгүй мөнгө олжээ. ѫнэндээ тогорууны өндөг үнэхээр амттай, салахын аргагүй нэгэн юм гэнэ лээ.

Аливаа юм цаг хугацаатай болохоор тогорууны өндөглөх хугацаа дуусч, зуны эхэн сар гарахад өөвгөр шар дэгдээхэйгээ дагуулсан хос тогоруу Хараа, Ерөө, Сэлэнгийн сав газраар бараг үзэгдсэнгүй. Харин уйтай дуугарах сэвлэгт хос тогорууд олшров. Нэгэн үдэш “Молоко” Дамдин гуай аранз дүүрэн загас үүрсээр иртэл эмгэн нь үхрийнхээ эвэрт өлгүүлсэн бололтой зэлэн дээр хувинтай сүүнийхээ дэргэд нас барсан байлаа.

Энэ гунигт мэдээгээр гадаадад сурдаг хүүхдүүдээс нь бусад нь шувууны үүр шиг эдлэн газар дээр нь хар турлиах шиг цугларав. Ингээд мөрөөрөө явсан хөөрхий эмгэнд хар мөртэй, нүгэл хилэнцэт “Молоко” Дамдин гуайн гай үсэрчээ. Үүгээр тогтсонгүй эмгэнийг нь нутаглуулаад буцаж явсан нэг машин онхолдож, нэг хүү, нэг охин нь газар дээрээ нам насан эцэслэв.

Ерөөсөө бурхан шүтээн, ном шүтлэг мэддэггүй “Молоко” Дамдин гуай энэ гай зовлонг лусын урт настай болох загас, ган дөрөө сэтэртэл хараадаг тогоруутай нэгээхэн ч холбож бодсонгүй. Ерөөсөө улаан хувьсгалч хүмүүжилтэй “Молоко” Дамдин гуай энэ бүхнийг өөрийнхөө лай, ланчиг, хорвоогийн жам хэмээн үзэж өөрийгөө хатуужуулахыг л эрхэмд үзнэ. Дархан хотоос ирсэн ач нь нэг өдөр Хараа голын эрэг дээр тоглож байхад нь хос тогоруу ирээд далавчаараа алгадсан хэрэг гарчээ.

Хөөрхий, үрээ “Молоко” Дамдинд “хувиндуулсан” тэр гаслант шувуу түүний ач хүүг алгадаад юу шалих билээ. “Ийм балай явдал болдог юм аа” гэж “Молоко” Дамдин гуай зэвүүрхэн бодоод шувууны буугаа сумлаж очоод хос тогорууны нэгийг намначихсан байна.

Түүний маргааш хос тогорууны үлдсэн нь “Молоко” Дамдинг загасандаа явж байхад нь өндрөөс харвасан юм шиг шунган ирээд өвгөнийг дайрч газар нэвсийн унажээ. Сум шиг дайрсан тогоруунд оногдсон “Молоко” Дамдин гуай ч олон тогорууны өндөг түүсэн сайран дээр насан эцэслэжээ.

Хээрийн амьтан биеийг нь хөндөж, хон хэрээ нүдийг нь ухчихсан өвгөний сэг зэмийг хүүхдүүд нь авсаны хайрцагных нь тагийг ч нээж олонд харуулалгүйгээр ум хумгүй газарт оршуулжээ. “Молоко” Дамдин гуайн 49 хоногийг дуусгаад шувууны үүр шиг эдлэн газрыг хөндөж, үлдсэн эд хөрөнгө, мал, тахиа, галуу, гахайг нь зарахыг зарж, үрэхийг нь үрье гэж хүүхдүүд нь ярилцаж байтал нэг шөнө дээврийн хучлага өвсөнд гал авалцаж “Молоко” Дамдин гуайнхаас морины уяаны шон л үлджээ.

Шувуу буцах болоход тэдний шатсан эдлэн дээр олон зуун цэнхэр тогоруу хоёр өдөр, хоёр шөнө дурр… дурр… дуугарсаар байгаад ниссэн юм гэнэ лээ. Тогорууны хараал толгойд нь хүрдэг гэдэг энэ ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.