сонин хачин
Тоондоо муу сахиур аав |ХӨӨРХӨН ГЭР БҮЛД АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ|

Тоондоо муу сахиур аав |ХӨӨРХӨН ГЭР БҮЛД АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ|

Хүүхдүүддээ нэр өглөө, РД нь бас гарсан тэрийг яахав дараа хэлье. Уул нь би бас тооны сонгоны анги төгссөн ухаантай хоёрын тоон дотор будилна гэж зүүдэлж явсангүй. Ихэр хүүхдийг түрүүлж гарсан нь дүү, удаахийг нь ах гэдэг ажээ. Ах нь дүү нь гэж дуудаж байснаа нэгдүгээр хүү хоёрдугаар хүү гэж дууддаг болчоод нэмээд нэр өгцөн чинь бүр үнэхээр ялгахаа болив. Аль нь гэхийн аргагүй усны дусал шиг адилханыг ч хэлэх үү, бид хоёрын үргэлж нойр дутуу манарааг ч хэлэх үү ?

Эхлээд төрсөн учраас ах нь тэгэхээр энэ нэгдүгээр хүү бол тэр юм гэхээр л сигнал алдчаад болдоггүй хаха. Хөөе хайраа аль нь түрүүлж төрлөө ? ч гэж байх шиг шууд хараад мэдэх гээд байгаамуу хайшаа ийн. Эхнэр энүүгээр хурдан буцаж хэвэндээ орох гээд байгаамуу ямар учиртай юм бүү мэд нэг тийм гэдэс барьдаг бэлхүүсний бүсийг л надаар хоёр зүүлгэж гурав тайлуулахын. Тэр өдрөөс хойш дахиж нинжа шиг үсэрч босож ирээгүй ч байн байн зүгээр унтжийснаа надтай яриад байгаамуу хүүхэдтэйгээ яриад байгаамуу зүүдлээд байгаамуу янз бүрийн зүйл ярина. Заримдаа бүр хольж хутгана, гэнэт намайг харснаа чи сая гулгиснуу ч гэх шиг  Нэг шөнө гэнэт дарж аваад угжаад эхлэх вий дээ намайг.

Энд нөгөө шөнийн 23:50-с хүүхдээ нярайн тасаг дээр тэвэрч аваачиж тариулж, уян зүү энэ тэрийг нь солиулдаг юм. Яг тэр үед ээжүүд хөхний сүүгээ бэлдэж тасгийн үүдэнд хамт очерлоно. Бүгд л нэг нэг жижигхэн угжтай сүү барьсан байх бөгөөд эмч нар харин баахан том шиприз бариад гарч ирнэ. Тэгээд нэг нэгээр нь тэр сүүнүүдийг бүтэн соруулж аваад тусгай тэмдэглэгээ хийсэн савнуудад хийнэ. Энэ дотор хүүхдээ төрснөөс нь хойш огт хараагүй ээж хүртэл байгаа гээд боддоо ? Амин тэжээл болох эхийн сүүгээ ийм маягаар хүүхэд руугаа явуулчихаад сэтгэл түгшин суугаа эхийн сэтгэл гэдэг үгээр зүйрлэхэд хэцүү. Манай хоёр хүүхэд ч гэсэн эхний хэд хоногтоо тийм аппаратанд амьдарсан юм.

Ингээд харахаар хүнээр хүн хийх гэдэг бас л амаргүй ажил юм. Ер нь энэ бүхэн тэр чигээрээ миний хувьд цоо шинэ нэг ертөнц, огт мэдэхгүй зүйлс байв. Сахиур аав хийгээд бараг 7 хонож байна. Хүн байна даа, үсээ нэг угаачихмаар санагдав. Нойл орсон шампунь алга, хүүхдийн гарын саван л байна … Ааа үхсс багадаа барааны савангаар үс толгой бүтэн биеэ угаадаг л байлаа гэж бодоод чухам угааж орхив. Уртаашаа ганц шорт футболктой орж ирсэн дээгүүрхи нь бараг бөөстөж эхэлж байх шиг байна. Халаалт тасрав өрөө сэрүүхэн болжээ.

Хүн тэгээд дасамтгай амьтан юм дөө. Миний өрвөгөр үснээс сувилагч цэвэрлэгч аниа нар цочихоо больж, би ч хэдэн арван хүүхнүүдтэй хамт тоон дотор үсэг цохиж яваадаа санаа зовохоо больж аягаа барьцан каш сүүтэй будаанд очерлоод зогсож байдаг болов. Сүү халаах, халуун хэмийг нь тааруулах, хоол цай аягалах, аяга угаах, том жижиг халуун савнуудыг ирсэнээр нь ангилж буцааж явуулах ер нь сахиур аавын бүх ажил үүрэг жигдрээд гарт ороод явчихав. Ер нь тэгээд эргэлтийн хоолыг хэрхэн дутаахгүй бас илүүдүүлэхгүй байх вэ гэдэг их чухал ажил байна.

Эхнэр урамтай сайхан идээд, сүү урамтай сайхан гараад, хүүхэд урамтай сайхан хөхөөд тэгээд аль аль нь урамтай сайхан байхад л болчихдог хорвоо юм. Хоол хаямааргүй санагдаад илүү гарсан үлдэгдэл болгоны идсээр байгаа би харин нэлээн таргалах янзтай. Эх нялхсын цонхоор харвал гадаа хүүхдүүд шорттой дугуй унан гүйлдэж харагдана. Урин цаг ирсэн, зун болсон бололтой. Та бүхэнд эрүүлийг хүсье !
Эх нялхас
Шинэ аав – 2021.05.17

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!